Thursday, March 23, 2017

АРТУР ФИШЕР БЭНТЛИЙН СОНИРХЛЫН БҮЛГИЙН ОНОЛ

Артур Фишер Бэнтли (Arthur Fisher Bentley, 1870 оны аравдугаар сарын 16, Фрипорт хотноо – 1957 оны тавдугаар сарын 21, Индиана муж улс, Паоли) – нь Америкийн улс төрийн онолч, Жон Дьюгийн прагматист урсгалыг хөгжүүлэгч, сонирхлын бүлгийн онолыг боловсруулагч нэгэн.
Цадаг намтар
Бэнтли Балтимор дахь Жон Хопкинс Их Сургууль (1892 онд бакалавр, 1895 онд докторын зэрэг хамгаалсан)-д эдийн засаг, социологийн ухаан судалсан: 1893-1894 онуудад Берлин, Фрайбургийн Их Сургуулиудад суралцаж, Г. Зиммел, В. Дилтей нарын лекцийг сонсохын зэрэгцээ Л. Гумпловичийн үзэл баримтлалтай танилцсан. 1896 онд Чикаго Их Сургуульд социологи заах болсон бөгөөд энд байхдаа Жон Дьютэй анх уулзсан. 1897-1910 онуудад сэтгүүлчээр ажилласан боловч шинжлэх ухааны салбараас хөндийрөөгүй. 1911 оноос Индиана муж улсад амьдрах болж шинжлэх ухааны ажлын сацуу улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд татагдан орсон. Энэ чиглэлийн нэрд гарсан хүмүүстэй ч ойр ажиллах болсон. 1941-1942 онуудад Колумбын Их Сургуульд философийн чиглэлээр лекц уншсан.
Улс төр, гүн ухаан, учир шалтгааны ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр олон арван зохиол туурвиснаас “Засаг төрийн удирдлагын үйл явц: Нийгмийн шахалтын судалгаа” (The Process of Government: A Study of Social Pressures, 1908 он, 1949 онд дахин хянан засварлаж гаргасан), “Хүн, нийгмийн харьцангуй зарчим” (Relativity in Man and Society, 1926 он), “Тооны хэл зүйн шинжилгээ” (Linguistic Analysis of Mathematics, 1932 он), “Зан үйл, мэдлэг, баримт” (Behavior, Knowledge, Fact, 1935 он), “Танин мэдэхүй ба танин мэдэхүйн үйл явц” (Knowing and the Known, 1949 он; Ж. Дьютэй хамтарсан), “Судалгаан доторх судалгаа: Нийгмийн онолын эсээ” (Inquiry into Inquiries: Essays in Social Theory, 1954 он) зэргийг онцгойлон дурдаж болох байна.
Улс төрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
Хэдийгээр Бэнтли улс төрийн шинжлэх ухааны сэдвээр хичээл зааж байгаагүй боловч судалгаа, шинжилгээний ажлаас огт хөндийрөөгүй бөгөөд ихэнх амьдралаа хувь судлаачийн хэлбэрээр өнгөрөөсөн юм. Түүний судалгаа АНУ дахь нийгмийн шинжлэх ухааны хөгжилд зүйрлэшгүй хувь нэмэр оруулсан билээ. Өөрийн дэвшүүлсэн үзэл санааг Бэнтли улс төрийн үйл явцыг эмпирик түвшинд судлах оролдлого төдийгөөр авч үзсэн бөгөөд судалгааны бие даасан парадигмын хэмжээнд тодорхойлж байгаагүй болно. Үүний зэрэгцээ, учир шалтгааны ухаан, шинжлэх ухааны арга зүй, танин мэдэхүйн онол, хэл шинжлэл, сэтгэл судлал, социологи, эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан гэх мэт өргөн хүрээтэй асуудлыг сонирхож байв. Нэрт гүн ухаантан-прагматист үзэлтэн Жон Дьюгийн хамт харилцаа холбооны орчин үеийн онолын үндэс суурийг тавьжээ.
Засаг төрийн удирдлагын үйл явц” бүтээл нь бихевиоризм, плюрализмын чиглэлээр бичигдсэн сонгодог бүтээлд тооцогддог бөгөөд 1940, 1950-аад оны улс төрийн судалгааны хөгжилд үлэмжхэн нөлөөлөл үзүүлсэн юм. Бэнтли нийгэм дэх хүмүүсийн бүлгийн зан үйл, шахалтын (pressure groups) болон сонирхлын бүлгийн (interest groups) үйл ажиллагааг судалсан анхны эрдэмтэн болно.
Нийгмийн харилцаан дахь хүмүүсийн бүлгийн үйл ажиллагааг судлах нь хүний үйл байдал, улс төрийн үйл явцын талаар обьектив мэдээлэл цуглуулах цорын ганц үр дүнтэй арга бөгөөд мадаггүй мэдээлэл бүрдүүлэх түүнээс өөр арга байхгүй. Үүний зэрэгцээ, судалгааг тоон аргад тулгуурлан явуулах нь жинхэнэ шинжлэх ухаанч байдлын үндэс мөн. Төр засгийн үйл ажиллагаа, нам, намын тогтолцоо, улс төрийн оролцоо гэх мэт үзэгдэл, үйл явцыг хувь хүний бүлгийн зан үйлээр дамжуулан судлах шинэ хандлагыг бий болгосон нь XX зууны Америкийн улс төрийн шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Бэнтли улс төрийн үйл явцыг тоон аргад тулгуурлан судлахыг өндрөөр үнэлсэн байдаг. “Улс төрийн амьдралын алхам тутамд тоо байна. Аливаа улс төрийн үйл явц бол нэг тоог нөгөөгөөр харьцуулан жиших явдал мөн”. Хэмжилт гэдэг нь “эмх цэгцгүй байдлыг даван туулах замаар” улс төрийн үзэгдэл, үйл явцыг танин мэдэхүй болно. Эндээс дүгнэн үзвэл, Бэнтли нийгмийн үзэгдэл, үйл явцыг судлахад байгалийн ухааны нарийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй гэж сургадаг сциетист үзэлтэн байжээ.
Бэнтлийн үзсэнээр, мэдэрхүй, үүдлэг, үзэл санааны тусламжтайгаар улс төрийн үйл байдлыг танин мэдэх бололцоогүй. Харин ч үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үндэстэйгээр танин мэдэхэд саад болдог байна. Энэ утгаараа улс төрийн судалгаан дахь үнэлэмжийн хандлагыг хатуу шүүмжилж байв.
Бүлгийг үйл ажиллагаа (activity), ашиг сонирхол (interest) гэх ойлголтоор дамжуулан тайлбарлахын зорьсон. Гэхдээ түүний бүтээлд бүлэг, бүлгийн үйл ажиллагаа, ашиг сонирхол, сонирхлын бүлэг (interest group буюу group of interest) гэх ойлголтыг олон газар адил утгаар хэрэглэсэн байна. Нэг талаас, ойлголтыг нарийвчлан тодорхойлох нь судалгааны явцад сөрөг нөлөөтэй төдийгүй буруу дүгнэлт хийхэд хүргэдэг гэж үзсэн. Нөгөө талаас, нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцыг шинжлэхэд шийдвэрлэх ач холбогдолгүй гэдгийг онцолсон.
Бүлгийг ашиг сонирхол гэх ойлголттой нягт холбоотойгоор авч үзсэн. Аливаа бүлгийн үйл ажиллагаа ашиг сонирхолтой холбогдох бөгөөд ашиг сонирхлоос ангид бүлэг бий болж, бүрдэх бололцоогүй юм. Гэхдээ Бэнтли бүлгийн үйл ажиллагааг ихэвчлэн эдийн засгийн ашиг сонирхолтой, тодруулбал, баялагтай холбон тайлбарласан байна. Ашиг сонирхол бүлгийн үйл ажиллагааг үнэлэх хэмжүүр болно. Бүлгийг гишүүдийн тоо, ашиг сонирхлыг илэрхийлж буй байдал, шахалт үзүүлж буй арга хэрэгсэл, зохион байгуулалт зэрэг шинжээр судалж болохыг онцолсон. Бэнтлийн хувьд төр засгийн үйл ажиллагаа, эрх мэдлийн хуваарилалт, төрийн алба, түүний бүтэц, бүрэлдэхүүн бүгд бүлгийн үйл ажиллагаа болно. Ингэхлээр, Бэнтли улс төрийг ашиг сонирхлоор нөхцөлдсөн бүлэг хоорондын үйл ажиллагаа, харилцаагаар төлөөлүүлэн ойлгож байжээ. Хэдийгээр улс төрийн үйл явцад ашиг сонирхол дээр суурилсан бүлгийн үйл ажиллагаа чухал ч хүчтэй бүлэг нь сул дорой бүлгээ захирах, засаглах, үгүй хийх, улс төрийн талбараас шахах хандлага үүсч болох юм. Тиймээс бүлэг хоорондын харилцааг зохицуулсан хэм хэмжээ буюу тоглоомын дүрэм байх зайлшгүй шаардлагатай гэжээ.
Бүлэгтэй холбоотой урьд өмнөх судалгааг нэгтгэн дүгнэх явцдаа Марксын онолыг Бэнтли өндрөөр үнэлсэн байдаг. Гэвч эдийн засгийн хүчин зүйлийг туйлчлан авч үзсэн нь түүний дутагдал болно гэдгийг онцолжээ. Марксаас ялгаатай нь, бүлэг хоорондын зөрчил антогонист шинж чанартай биш бөгөөд тодорхой дүрэм журмаар зохицуулах боломжтой гэж үзсэнд оршино. Бүлэг хоорондын харилцааг дүрэм журмаар зохицуулах боломжтой байдаг нь ардчилсан тогтолцооны давуу тал юм.

МОНГОЛЧИЛСОН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

АМЕРИКИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ГАБРИЭЛ АБРАХАМ АЛМОНД

Габирэл Алмонд (Gabriel Abraham Almond, 1911 оны нэгдүгээр сарын 12 нд мэндэлсэн – 2002 оны арванхоёрдугаар сарын 15 нд бие барсан) – нь улс төрийн шинжлэх ухаан дахь бихевиорист урсгалыг үндэслэгчдийн нэг, улс төрийн хөгжил, улс төрийн соёл, системийн онолыг хөгжүүлэгч Америкийн нэр нэндсэн улс төр судлаач болно.
Цадаг намтар
1911 оны нэгдүгээр сарын 12 нд Орос, Украйны еврей гэр бүлд мэндэлсэн. 1938 онд Чикаго Их Сургуульд докторын зэрэг хамгаалсны дараагаар 1939-1946 онуудад Бруклины Коллежид (Одоогийн Нью-Йорк хотын их сургууль) багшилсан ба дэлхийн нэгдүгээр дайн жилүүдэд АНУ-ын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн Цохилтын Үр Ашгийн Үнэлгээг Удирдах Газар болон Цэрэг Дайны Мэдээлэл Удирдах газарт ажилласан. 1947-1951 болон 1959-1963 онуудад Йелийн Их Сургуульд, 1951-1959 онуудад Принстоны Их Сургуульд, 1963 оноос Стэнфордын Их Сургуульд багшлах болсон. Үүнээс гадна, дэлхийн нэр хүндтэй олон их сургуульд зочин профессороор ажиллаж байсан. Алмонд улс төрийн судалгааны олон нэр хүндтэй шагналын эзэн болж байсан. Тухайлбал, 1981 онд Жэймс Мэдисоны нэрэмжит шагнал, 1997 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны Карл Дойчийн нэрэмжит шагнал хүртсэн. 1965-1966 оны хооронд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгчөөр, 1961 оноос Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр тус тус сонгогдож байсан.
Алмонд “Америкийн ард түмэн ба гадаад бодлого” (The American People and Foreign Policy,1950), “Хөгжиж буй бүс нутгуудын улс төрийн бодлого” (The Politics of the Developing Areas, 1960; хамтын бүтээл), “Иргэний соёл: Таван орон дахь ардчилал, улс төрийн харилцаа” (The Civic Culture: Political Attitudes and Democracy in Five Nations, 1963; Сидней Вербатай хамтарсан), “Харьцуулсан улс төр судлал: Хувьслын хандлага” (Comparative Politics: A Developmental Approach, 1966; Ж. Бингэм Пауэллтай хамтарсан), “Улс төрийн хөгжил” (Political Development: Essays in Heuristic Theory, 1970), “Хямрал, сонгууль, өөрчлөлт: Улс төрийн хөгжлийн түүхэн судалгаа” (Crisis, Choice, and Change; Historical Studies of Political Development, 1973; хамтын бүтээл), “Орчин үеийн харьцуулсан улс төр судлал” (Comparative politics today: A World View,1974 онд анхны хэвлэл, 2000 онд долоо дахь хэвлэл; хамтын бүтээл), “Харьцуулсан улс төр судлал: Систем, үйл явц, улс төрийн бодлого” (Comparative Politics: System, Process, and Policy, 1978; Ж. Бингэм Пауэллтай хамтарсан), “Иргэний соёл: Үзэл баримтлалаа нягтлахуй” (The Civic Culture Revisited: An Analytic Study, 1980; хамтарсан), “Хуваагдмал шинжлэх ухаан: Улс төрийн шинжлэх ухаан дахь дэг сургууль, урсгалууд” (A Discipline Divided: Schools and Sects in Political Science, 1989), “Харьцуулсан улс төр судлал: Онолын бүтэц” (Comparative Politics: A Theoretical Framework, 1993 онд анхны хэвлэл, 2000 онд гурав дахь хэвлэл; Ж. Бингэм Пауэлл, Р. Мундт нартай хамтарсан), “Нью-Йорк дахь баячуудын засаглал, улс төрийн бодлого” (Plutocracy and Politics in New York City, 1997), “Өнөөгийн Европын улс төрийн бодлого” (European Politics Today, 1999; хамтын бүтээл) тэргүүтэн нийтдээ 22 ном бичсэн.
Улс төрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
Алмонд нь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны сонгодог төлөөлөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Зөвхөн харьцуулсан улс төр судлал, улс төрийн онолын хүрээгээр хязгаарлагдаад зогсохгүй бүхэл бүтэн улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үлэмжхэн хувь нэмэр оруулсан байна. Тийм ч учраас түүнийг улс төрийн шинжлэх ухаан, тэр дундаа харьцуулсан улс төрийн судалгааны томоохон төлөөлөгчдийн нэг гэж үздэг болно.
Алмондын судалгаанд улс төрийн системийн онол томоохон байр суурь эзэлдэг. Толкотт Парсонс (1902-1979 он), Эдвард Шилз (1910-1995 он), Мариона Леви (1918 онд мэндэлсэн) тэргүүтэй судлаачдын чиг үүргийн онолоос ялгаатай нь, нийгмийн систем гэдгийг тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх замаар ерөнхий тогтолцооны тэнцвэртэй байдлыг хангах бие биенээсээ харилцан хамаарсан бүтэц, чиг үүргийн нийлбэр цогц мөн гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, бүтэц-чиг үүргийн онолыг хөгжүүлсэн. Тодорхой нийгмийн болон улс төрийн институтын үйл ажиллагааны үр ашгийг системийг бүрдүүлэгч элмент нэг бүрийн бие биенээсээ хамаарсан үйлдэлтэй холбон тайлбарласан. Системийн хүрээлэн буй орчинтойгоо харилцаж буй байдлыг тухайн системийн чиг үүрэг, чадвараар тодорхойлосон байна. Системийн чадвар, түүний хадгалах, дасан зохицох болон хувирган өөрчлөх чиг үүрэг хэр үр дүнтэй байгааг үндэслэн улс төрийн тогтолцоог харьцуулж болно гэж Алмонд үзсэн.
Анхлан Дэвид Истоны судалгаанд нэвтрүүлсэн улс төрийн системийн оролт, гаралтын ангиллыг Габриэл Алмонд өөрийн онолын загвартаа өргөтгөн хөгжүүлсэн байна. Системийн оролт шаардлага, дэмжлэг гэх хоёр хэлбэрээр илэрдэг. Шаардлага дотроо дараах дөрвөн хэлбэртэй. Үүнд: 1. Бараа, үйлчилгээний шаардлага: 2. Хүмүүсийн үйл байдал, томоохон бүтцийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, дүрэм журмын шаардлага: 3. Улс төрийн оролцооны шаардлага: 4. Хямралын үед төрийн эрх мэдлийн түргэн, шуурхай байдлыг бий болгох шаардлага гэж байна.
Үүнээс гадна, дэмжлэгийн дөрвөн төрөл байдаг. Эдгээрт: 1. Татвараа сайн дураар төлөх, иргэний үүргээ биелүүлэх гэх мэт материаллаг дэмжлэг: 2. Хууль тогтоомж, дүрэм журмаа биелүүлэх дэмжлэг: 3. Бүх нийтийн сонгуульд идэвхтэй оролцох зэрэг улс төрийн оролцооны дэмжлэг: 4. Төр засгийн бодлого, шийдвэр, албан ёсны арга хэмжээг жагсаал, цуглаан зохион байгуулах хэлбэрээр дэмжих зэрэг болно.
Системийн гаралтын хүрээнд шаардлага, дэмжлэгт нийцсэн дөрвөн төрлийн үйлдэл байж болох юм гэсэн санааг Алмонд гаргасан. Үүнд: 1. Боломжит татвар, шимтгэл цуглуулах үйлдэл: 2. Шаардлагатай хууль, тогтоомж гаргах үйлдэл: 3. Төрөөс үзүүлэх нийтийн бараа, үйлчилгээг хуваарилах үйлдэл: 4. Улс төрийн бэлгэ тэмдэг, үнэт зүйлийг бүтээх үйлдэл зэрэг болно. Аливаа системийн нэгэн адил улс төрийн систем шаардлага, дэмжлэгийг үйлдэл болгох ёстой. Хэрэв эргэх холбоо үр дүнтэй ажиллаж байвал систем тогтвортой байна. Доголдол үүсвэл улс төрийн тогтолцоонд тогтворгүй байдал үүснэ. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Системийн оролт зөвхөн хүрээлэн буй орчинтой хамаатай зүйл биш юм. Системийн дотроос ч шаардлага, дэмжлэгийн хэлбэрээр оролт үүсч болно. Системийн оролтыг гаралт болгон хувирган өөрчлөх үйл явц дараах үе шаттайгаар хэрэгжиж болно гэж үзсэн. Үүнд: 1. Эрх ашиг, шаардлагыг нэгтгэн төлөөлөх: 2. Нэгтгэсэн эрх ашгаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах: 3. Төлөвлөгдсөн ажиллагааг засгийн газрын хөтөлбөр болгох: 4. Хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх: 5. Хэрэгжилтэд хяналт тавих: 6. Улс төрийн системд үүсч буй үйл явцын талаар мэдээлэл бүрдүүлж, нийгмийн болон олон улсын орчинд тархаах зэрэг болно.
Алмондын улс төрийн системийн загварт системд орчны зүгээс үзүүлэх болон орчинд системийн зүгээс үзүүлэх хариу нөлөөллийг үнэлэх системийн чадварын тухай ойлголт томоохон байр суурь эзэлдэг. Системийн чадвар нь тухайн системийн үйл ажиллагааны үр ашгийг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Оролт, гаралт, тэдгээрийн эргэх холбоонд үндэслэн системийн чадварыг Алмонд дараах байдлаар ангилсан. Үүнд: 1. Татан төвлөрүүлэх чадвар (Систем оршин тогтноход шаардлагатай материаллаг болон хүн хүчний нөөцийг нийгэм, олон улсын орчноос татан төвлөрүүлэх чадвар): 2. Зохицуулах чадвар (Хувь хүн, нийгмийн бүлгүүдийн үйл байдал, хоорондын харилцааг хянах системийн өөрийнх нь чадвар): 3. Хуваарилах чадвар (Хувь хүн, нийгмийн бүлгүүдэд боломжит бүх баялаг, нөөц, байр суурийг хуваарилах чадвар): 4. Бэлгэдэл бүтээх чадвар (Нийгмийн болон олон улсын орчинд бэлгэ тэмдэгийн тогтолцоог үр дүнтэй бий болгож буй системийн чадвар): 5. Шаардлагад хариу үзүүлэх чадвар (Шаардлага, дэмжлэг, үйлдлийн өөрөөр хэлбэл, оролт, гаралтын зохист нийцлийг хангах чадвар) болно. Энэ бүхний зэрэгцээ улс төрийн тогтолцоонд гарч буй олон өөрчлөлтийн уг сурвалж чиг үүрэггүй оролтын үйл явцтай (dysfunctional inputs) холбоотой болохыг онцолсон байна.
Алмонд улс төрийн системийн Англо-Америкийн, тивийн-Европын, аж үйлдвэржилтээс өмнөх болон хагас аж үйлдвэржсэн, тоталитари гэсэн дөрвөн хэв шинжийг гаргасан байна.
Габриэл Алмондын судалгааны дараагийн нэг томоохон сэдэв нь улс төрийн соёл юм. Нийгмийн улс төрийн амьдралыг, тэр дундаа улс төрийн системийн тогтвортой байдал, ардчилах үйл явцыг судлах чухал хэмжүүр нь улс төрийн соёл мөн гэдгийг онцолсон. Анхлан Харвардын Их Сургуулийн профессор Сидней Вербатай хамтран 1963 онд “Иргэний соёл” нэртэй ном гаргасан байна. Англи, Итали, ХБНГУ, АНУ, Мексик зэрэг таван орны улс төрийн үйл явцыг судлаад эдгээрт өвгийн, албатын болон оролцооны гэсэн улс төрийн соёлын гурван хэв шинж байгааг дурдсан байна. Гэхдээ улс төрийн соёлын дэвшилтэт хэлбэр нь дээрх гурван соёлыг хослуулсан иргэний улс төрийн соёл болно. Алмонд, Верба нарын иргэний соёлын үзэл санаа юуны түрүүнд, Калифорнийн Их Сургуулийн профессор Хэрри Экстайны тогтвортой ардчиллын онол дээр суурилсан болохыг тэмдэглэх хэрэгтэй. Тэд иргэний соёл гэдгийг “өвгийн болон албатын элемент харьцангуй бага, оролцооны элемент давамгайлсан холимог хэв шинжийн улс төрийн соёл мөн” гэж тодорхойлжээ. Иргэний соёл ардчиллын тогтвортой байдлаас ихээхэн шалтгаална.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр АНУ, Англи, Герман, Мексик, Итали улсуудад улс төрийн соёлын хувьд томоохон өөрчлөлт бий болжээ. Үүнтэй холбоотойгоор дээрх эрдэмтэд 1980 онд “Иргэний соёл: Үзэл баримтлаа нягтлахуй” нэрт бүтээл нийтлүүлсэн байна. Улс төрийн соёл нь хэт мэдрэмтгий, хүн ам зүй, эдийн засаг, харилцаа холбоо, хүйсийн харьцаа, улс төрийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хувьсан өөрчлөгддөг үйл явц болохыг тогтоосон. Иргэний соёлыг тодорхойлох зарим шинж бүдгэрч алга болох, эсвэл ач холбогдлоо алдах, түрүүчийн судалгаанд анхаарлын гадна үлдсэн шинж улс төрийн соёлд хүчтэй нөлөөлж тодоор илрэх зэрэг хандлагууд дээрх орнуудад үүссэн байна. Үүний зэрэгцээ Алмонд хүйтэн дайны төгсгөл, дэлхий нийтийг хамарсан даяаршлийн үйл явц, тэдгээрийн улс төрийн соёлийн төлөвшилтөд үзүүлэх нөлөөллийг авч үзжээ.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, улс төрийн шинжлэх ухаан өргөжин хөгжиж буйтай холбоотойгоор Алмонд энэ шинжлэх ухааны мэдлэг нэгдмэл арга зүй, агуулга, судлах зүйл дээр тулгуурлах ёстой гэж үзсэн.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Friday, March 17, 2017

ЧАРЛЬЗ ЭДВАРД МЕРРИАМ

Чарльз Эдвард Мерриам (Charles Edward Merriam) нь Америк дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны үндсийг тавигчдын нэг, улс төрийн судалгаан дахь бихевиорист хандлагыг хөгжүүлэгч, улс төрийн шинжлэх ухааны Чикаго дэг сургуулийн томоохон төлөөлөгч билээ (Цэнд-Аюуш, 2016, хууд. 32). Ялдарлан өгүүлэхэд Америкийн нэрт судлаач Габриэл Абрахам Алмонд “Америк дахь улс төрийн судалгааны хөгжилд Чикаго дэг сургууль томоохон нөлөө үзүүлсэн байх бөгөөд уг дэг сургуулийн үйл ажиллагаа Чарльз Мерриам гэх хүний нэртэй салшгүй холбоотой билээ(Almond, 2002, p. 70) хэмээн цохон тэмдэглэжээ.
Мерриам 1874 оны арваннэгдүгээр сарын 15 нд Америкийн Иова муж улсын Делавар нутгийн Хопкинтон хотноо шуудангийн ажилтан Чарльз Эдвард Мерриам (1845-1902 он), Маргарэт Кэмпбэлл Кирквоод Мерриам (1840-1910 он) нарын гэрт мэндэлжээ (Merriam C. E., 1953).
Түүний дээд өвөг Ричард Мерриамын хүү Жозэф Мерриам (1600-1641 он) 1638 онд Зүүн Өмнөд Английн Кэнт гүнлэгт орших Гоудхурст нэрт тосгоноос Америкийн Массачусэтсс муж улсад суурьшсан шотланд нэгэн байжээ. Мерриам овогтон нийтдээ 12 үе Америкт амьдарч байгаа бөгөөд энд өгүүлэх Чарльз Эдвард Мерриам 9 дэх үеийн удам болно. Мерриамын эцэг, эх 1855 онд Иова муж улсад нүүж ирсэн бөгөөд 1868 онд урагласан байна. Тэд Чарльз Эдвард Мерриамаас гадна Жон Чарльз Мерриам (нэр нэндсэн палеонтологист, 1869-1945 он), Сузан Агнэс Мерриам (1876-1961 он) гэх хүү, охин хоёртой байв.
Эдвард Мерриам төрөлх Хопкинтон хотноо дунд сургууль дүүргэж, 1893 онд Ленокс Академи, Иова Их Сургуульд суралцжээ (Almond, 2002, хууд. 63). Улмаар 1895 онд Колумбын Их Сургуульд хууль цаазын ухаанаар бакалавр болсон байна. 1897 онд магистр, 1900 онд докторын зэрэг горилж, Чикаго Их Сургуульд багшилсан. 1903 онд “A History of American Political Theories(Америкийн улс төрийн онолын түүх) нэрт анхны бүтээлээ нийтлүүлсэн бөгөөд 1907-1911 онуудад Худалдаа, Захиргааны Коллежийн захиралаар, 1923 оноос Чикаго Их Сургуульд тэнхимийн эрхлэгчээр тус тус томилогдон ажиллажээ. Мерриам тэтгэвэрт гарах хүртлээ Чикаго Их Сургуульд багшилж, улс төрийн шинжлэх ухааны Чикаго дэг сургуулийг хөгжүүлсэн байна. Тэрээр 1900 онд Элизавет Хилда Дойл авхайтай ураглаж, Робэрт Эдвард Мерриам (1918-1988 он) гэх хүүтэй болжээ.
Үзэл санааны хувьд Колумбын Их Сургуулийн профессор Фрэнк Ж. Гуднау, Жамес Харвей Робинсон, Германы түүхч, эрх зүйч, Берлины Их Сургуулийн профессор Отто Фридрих фон Гиркэ нарын нөлөөн дор байв.  

Гэхдээ Мерриам ердийн нэг эрдэмтэн байсангүй ээ. Тэрээр тулхтай төрийн зүтгэлтэн, улс төрч нэгэн байсан юм. Чикаго хотын засаг захиргаанд ажиллахын зэрэгцээ 1911 онд хотын даргын сонгуульд өрсөлдсөн байна. 1919 онд дахин өрсөлдсөн боловч ялалт байгуулж чадаагүй юм. Үүнээс гадна, Мерриам Уильям Ховард Тафт, Вудро Вильсон нарын үед ерөнхийлөгчийн дэргэд томоохон алба үүрэглэж байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед 43 настай тэрээр ахмад цолтой холбоотны армид байлдаж байсан гэдэг. Дайны жилүүдэд олсон туршлага нь Мерриамын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж, олон нийтийн санаа бодолд суртал ухуулга ямар ач холбогдолтойг тусгайлан судлах болжээ. 1925 онд Мерриам Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр 1940 онд 66 насандаа тэтгэвэрт гарч, 1953 оны нэгдүгээр сарын 8 нд Мэрилэнд муж улсын Роквилл хотноо Хиллтоп эмнэлэгт 79 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Юуны түрүүнд, Чарльз Мерриамыг улс төрийн судалгаан дахь бихевиорист урсгалыг үндэслэгч хэмээн зүй ёсоор үздэг. 1923-1940 он хүртэлх 17 жилийн хугацаанд Чикаго Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийг удирдахдаа Мерриам улс төрийн эрх мэдэл, ардчилал, Америкийн нам, намын тогтолцоо, улс төрийн хошуучлал, улс төрийн шинжлэх ухааны арга зүйн сэдвээр 80 орчим бүтээл туурвиснаас “Нийгмийн шинжлэх ухаан дахь Колумбын судалгаа(1900 он), “Руссогоос хойших үеийн бүрэн эрхт байдлын онолын түүх(1900 он), “Америкийн улс төрийн онолын түүх(1903 он), “Чикаго хотын орлого, хөрөнгө оруулалтын талаарх судалгаа (1906 он), Анхан шатны сонгуулиуд: Хууль тогтоох хурлын анхан шатны сонгууль, хандлага, түүхийн талаарх судалгаа” (1908 он),  “Америк улс төрийн үзэл санаа: Америкийн улс төрийн сэтгэлгээний хөгжил, 1865-1917 он” (1920 он), “Америкийн намын тогтолцоо” (1922 он, Х. Госнеллтэй хамтран), “Улс төрийн шинэ судлагдахуун” (1925 он), “Америкийн дөрвөн намын хошуучлагчид” (1926 он), “Иргэн төлөвших үйл явц: Иргэний сургалтын аргын харьцуулсан шинжилгээ” (1931 он), “Улс төрийн эрх мэдэл: Бүтэц, үйл ажиллагааны хүрээ” (1934 он), “АНУ дахь иргэний боловсрол” (1934 он), “Нийгмийн өөрчлөлт дэх улс төрийн үүрэг(1936 он), “Шинэ ардчилал, шинэ деспотизм” (1939 он), “Ардчилал гэж юу вэ?” (1941 он), “Төр ба хувийн хэвшил” (1944 он), “Тогтолцоот улс төр” (1947 он),  “Эрх мэдлийн судалгаа” (Хоралд Лассуэлл, Томас Смит нартай хамтарсан 1950 он), “АНУ-ын засгийн газар: Үйлдэлжсэн ардчилал” (Хүү Робэрт Эдвард Мерриамтай хамтарсан 1954 он) зэрэг зохиолыг онцгойлон дурдаж болох байна.
Мерриамын үзсэнээр, улс төр бол рационал үйл ажиллагааны хүрээ юм. Улс төр дахь рационал шинжийг тогтвортой хадгалахын тулд үндсэн субьект нь материаллаг эрх ашгаа чухалчилсан эдийн засгийн хүн байх ёстой. Ингэсэн тохиолдолд улс төрийн үйл явц өөрөө улс төрийн ангиуд үзэл суртал, үйл ажиллагааны хөтөлбөрөө бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр арилжих, сонгогчид таалагдсан бараа, бүтээгдэхүүнээ сонгож саналаа өгдөг зах зээлийн зарчимд суурилдаг байна. Эндээс үзэхэд бихевиорист хандлагад улс төрийн эрх мэдлийг хүмүүсийн нэг хэсэг нь захирдаг, нөгөө хэсэг нь захирагддаг зан үйлийн онцгой хэв шинж хэмээн ойлгож байсан нь харагдаж байна. Улс төрийн хүрээнд амжилт олох, идэвхтэй байх гол үүдлэг нь эрх мэдэл хүсэмжлэх явдал гэдгийг Мерриам онцлон тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн үйл явц гэдэг хүчтэй нэг нь ялж, хүчгүй нь ялагдаж байх эрх мэдэл хүсэмжилсэн хувь хүмүүсийн тэмцлийн талбар юм. Эдгээрийн хооронд тэнцвэрт байдлыг бий болгоход улс төрийн тогтолцооны гол зорилго оршино.

Гэхдээ Мерриам өмнөх судлаачдаас ялгаатай нь, ардчиллын үндсэн шинж засаг төрийн удирдлагаа сонгуулийн зарчмаар томилдог байх явдал биш. Хамгийн гол нь, үр ашигтай, шинжлэх ухаанч зарчимд суурилсан төрийн удирдлагын арга барилтай байхад оршино гэж үзсэн. Ийм арга барилыг бий болгохын тулд юуны түрүүнд, улс төрийн үйл байдлыг судлах хэрэгтэй. Иймээс улс төрийн шинжлэх ухааны гол зорилго нь асуулга, туршилт гэх мэт нарийн аргад тулгуурлан улс төрийн үйл байдлын талаар тодорхой, обьектив мэдлэг бүтээхэд оршино. Мерриам улс төрийн судалгаанд верификацийн зарчмыг чухалчилан үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн судалгаа шинжлэх ухаанч байхын гол шалгуур нь туршлагаар батлагдсан байх явдал мөн.

Эх сурвалжийн жагсаалт

Almond, G. A. (2002). Ventures in Political Science: Narratives and Reflections. London Boulder : Lynne Reinner Publishers.
Merriam, D. C. (1953, January 9). Noted Educator. New York Times.
Цэнд-Аюуш, Г. (2016). Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм, Дэд дэвтэр. Улаанбаатар хот: "Эдо Паблишинг" ХХК.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Sunday, March 12, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ ЖОВАННИ САРТОРИ

Хүн төрөлхтөний хувьд XX зуун хөгжил, дэвшил, техник, технологийн үсрэнгүй өөрчлөлтийн зуун байв. Үүнийгээ дагаад шинжлэх ухааны салбарт олон шинэ мэдлэгийн төрөл үүсч бүрэлдсэн юм. Эдгээрийн нэг нь улс төрийн шинжлэх ухаан болно. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн “амьд домог”, улс төрийн судалгаа, шинжилгээний Флорэнцийн дэг сургуулийн томоохон төлөөлөгч нь Италийн хайв эрдэмтэн, цолгорсон судлаач Жованни Сартори (Giovanni Sartori; Джованни Сартори) билээ.
Өдгөө 92 настай, Италийн өдөр тутмын “Өчигдөрийн мэдээ” ( Il Corriere della Sera; Evening Courier; Вечерний вестник) сонины ерөнхий шүүдэглэгч Сартори 1924 оны тавдугаар сарын 13 нд Флорэнц хотноо Дантэ Сартори, Эмили Квэнтини нарын гэрт мэндэлжээ. Төрөлх хотноо гимнази дүүргээд 1942 оны зургаадугаар сард Флорэнцийн Их Сургуулийн харьяа Улс Төрийн Шинжлэх Ухааны “Чезариа Алфиэри” Сургууль (Scuola di Scienze politiche "Cesare Alfieri";  School of Political Science ‘’Cesare Alfieri’’; Факультет Политологии “Чезаре Альфьери”)-д элсэн суралцсан байна. 1946 онд Их Сургуулийн улс төр судлалын салбарыг дүүргээд 1950-1956 онуудад хожуу үеийн философийн түүхээр Их Сургуульдаа багшлах болжээ. Ялдарт нь, 1954 онд орчин үеийн философийн чиглэлээр докторын зэрэг горилсон байна. 1956 оноос улс төрийн шинжлэх ухаанаар Флорэнцийн Их Сургуульд багшлах болсон юм. 1966-1976 онуудад Флорэнцийн Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн захирал, 1969-1971 онуудад тус сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетын деканаар томилогдон ажиллаж байв.
1976-1979 онуудад Стэнфордын Их Сургуульд, 1979-1994 онуудад Колумбын Их Сургуульд тус тус багшилсан. 1971 оноос Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Сэтгүүл (Rivista Italiana di Scienza Politica; Italian Political Science Review; Итальянский Политологический Обзор)-ийг эрхлэн гаргах болж, 2003 он хүртэл захиралаар нь ажиллажээ. Харин уг сэтгүүлийг 2004 онд Италийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэг (Societa Italiana di Scienza Politica; Italian Society of Political Science; Итальянское Общество Политических Наук)-т шилжүүлсэн байна. 
1975 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон Сартори 1992 онд Генуи Их Сургуулийн, 1994 онд Жоржтауны Их Сургуулийн, 1997 онд Гвадалахар Их Сургуулийн, 1998 онд Буэнос-Айрэс Их Сургуулийн, 2001 онд Мадрид болон Бухарестын Их Сургуулийн, 2005 онд Афин болон Урбино Их Сургуулийн, 2007 онд Мехикогийн Их Сургуулийн хүндэт доктор цол хүртсэн юм.
Жованни Сарторийн түүхэн гавьяа нь Итали улсад улс төрийн шинжлэх ухаан үүсч хөгжихөд Гаэтона Моска, Вилфрэдо Парэто, Робэрт Михельс, Антонио Грамши, Норбэрто Бобио, Анжэло Панэбианко нарын нэрт эрдэмтдийн нэгэн адил томоохон нөлөө үзүүлсэнд оршино. Тиймдээ ч 1971 онд бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөс урлаг, боловсролын салбарын хүндэт гавьяаны одон, 2005 онд нийгмийн судалгааны салбар дахь Нобэлийн шагнал гэж тооцогддог Астурын Ханхүүгийн Нэрэмжит шагнал (Premio Principle delle Asturie; Princess of Asturias Awards; Премия Астурийской Принцессы), 2009 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооноос Карл Дойчийн нэрэмжит шагнал, 2013 онд Исайя Берлины нэрэмжит шагнал, 2014 онд Бэрнардо О’Хиггинсийн Их Загалмай одон тус тус хүртжээ.
Нам, намын тогтолцоо, ардчилал, үндсэн хуульт байгуулал, ардчиллын нөхцөл дэх улс төрийн зан үйл, философийн сэдвээр Сартори нийтдээ 40 орчим томоохон хэмжээний бүтээл туурвисан бөгөөд тэдгээрээс олонх нь гадаадын хэлнээ хөрвүүлэгдсэн байна. Улс төрийн сэдвээр бичсэн “Нам, намын тогтолцооны шинжилгээ(1976 он), “Улс төрийн намын онол ба Италийн туршлага” (1982 он), Ардчиллын онолыг нягтлан үзэхүй(1987 он), “Улс төрийн онолын үндсүүд” (1987 он), “Ардчилсан онол. Улс төрийн бодлогын онолын бүрдлүүд (1990 он), “Ардчилал” (1998 он), “Харьцуулсан үндсэн хуульт байгуулал: Бүтэц, үйл ажиллагаа, үр ашгийн судалгаа” (1994 он), “Ардчилал гучин орны жишээн дээр” (2008 он), “Хаашаа уралдана вэ: Манай нийгмийг сүйрэлд хүргэж буй арван зүйл” (2015 он) зэрэг зохиолуудыг дурдаж болох байна.
Улс төрийн хувьд Сартори дараах санааг хөгжүүлсэн. Моска, Парэто, Михельс, Лассуэлл нарын үзэл санааг бататган хөгжүүлж нийгэм удирдагч цөөнх, удирдуулагч олонх гэсэн хоёр давхаргаас тогтох нь зүй гэж сургасан. Харин дээрх эрдэмтдээс ялгаатай нь, удирдагч цөөнхөө Сартори “хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг” хэмээн тодорхойлжээ. Өөр хоорондоо өрсөлдөх хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн сонгуульт полиархи засгийг ардчилал хэмээсэн байна. Ардчилал бол “тогтсон төвгүй эрх мэдлийн хэлбэр” болох “давхараажсан засаглал” юм. Үүгээрээ эртний Грек-Римийн шууд ардчиллаас өнөөгийн ардчилал ялгаатай. Сонгуульт полиархи засаг буюу ардчиллын төлөөллийн чанар дараах хоёр шинжээр баталгааждаг байна. Үүнд:
·         Олон түмнээс ирж буй шаардлагад хариу үзүүлдэг байх:
·         Үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг байх гэсэн хоёр зүйл орно.
Гэхдээ нийгмийн доороос гарч буй шаардлагад хяналтыг хэрэгжүүлэгч бүлэг хэтэрхий зөөлөн хандвал хариуцлага хүлээх чадвараа алддаг болохыг Сартори онцолсон байна. XX зууны эцэст хүн төрөлхтөн улс төрөөс дайжих хандлагад улам бүр автах болсныг Сартори 1. Сонгогч иргэд, улс төрчдийн хоорондын итгэлцлийн харилцаа суларсан: 2. Телевизийн нөлөө өссөн нь мэдээллийн урсгал хумигдах, улс төрийн оролцоо багасах, цэнгээнт улс төрийн үүрэг өсөн нэмэгдэхэд хүргэсэн: 3. Үзэл суртлын нөлөө багассан: 4. Улс төрийн авилга нэмэгдсэн гэсэн дөрвөн зүйлтэй холбон тайлбарлажээ. Энэ нөхцөлд улс төрийн эрх мэдлийн хэрэгжилтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэгч бүлгийн үйл ажиллагааг журамлах гол арга хэрэгсэл нь үндсэн хууль болдог байна. Иймээс орчин үеийн ардчиллын нөхцөлд үндсэн хуулийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг Сартори онцолсон. Үүний зэрэгцээ, уг үзэгдлийг “үндсэн хуулийн графомани” хэмээн нэрлэжээ. Сарторийн үзсэнээр, үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулах албагүй. Зөвхөн улс төрийн эрх мэдлийн хуваарилалт, хэрэгжилттэй холбоотой харилцааг зохицуулах ёстой. Хэрэв үндсэн хууль нийгмийн амьдралын бүх хүрээг зохицуулж эхэлбэл улс орон сүйрэлд хүрдэгийг Сартори гярхай ажигласан байна. Үндсэн хууль бол тодорхой үр дүн олж авахад чиглэгдсэн хөдөлгөгч хүч мөн. Өөрөөр хэлбэл, ял шийтгэл, шагнал урамшуулах гэх үүдлэг дээр тулгуурлан төрийн зохион байгуулалтын бүтцийг бий болгож, үйл ажиллагааг төлөвлөх журам болно. Удирдлагын чиг үүргийг үл тоомсорлох нь төрийн тогтолцоог сулруулдаг муу үр дагавартай.
Орчин үеийн ардчиллын суурь шинж намын тогтолцоогоор дамжин илэрдэг. Үүнтэй холбоотойгоор нэг намт, ноёрхогч намт, зонхилогч намт, энгийн олон намт, хэт олон намт, олон тулгуурт намын, сарнимал намт гэх намын тогтолцооны хэлбэрүүдийг гаргасан.

МОНГОЛЧИЛСОН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР