Saturday, May 6, 2017

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ БРАЗИЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО

Бразил нь дэлхийн томоохон орнуудын нэг бөгөөд Латин Америктаа газар нутаг, хүн амын хэмжээгээр тэргүүлдэг улс билээ. Хүн ам нь 205.7 сая бөгөөд нийт 8547.4 мянган км2 газар нутагтай. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.4%. Хүн амын бүтэц бүрэлдэхүүнийг авч үзвэл 55%-ийг европчууд, 40%-ийг мулатууд, 5 гаруй хувийг хар арьстнууд, ердөө 0.1%-ийг нутгийн уугуул иргэд болох улаан арьстнууд эзэлдэг.  Хүмүүсийн дундаж наслалт 72 болно (Эрэгтэйчүүд 68, эмэгтэйчүүд 76 насладаг).
Үндсэн шүтлэг католиг шашин бөгөөд нийт хүн амын 70 орчим хувь нь шүтдэг. Харин 13% нь протестант урсгалыг, 2% нь бусад шашныг шүтнэ. Хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр, 86% нь бичиг үсэгт тайлагдсан. Одоогоор 2.5 сая хүн их, дээд сургуульд сурч байна. Бразилид Сан Паулу их сургууль, Рио-де-Жанейрогийн холбооны их сургууль гэсэн дэлхийн хэмжээний хоёр том эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны төв оршдог.  
Бразил бол хурдацтай хөгжиж буй хөдөө аж ахуй – аж үйлдвэрийн орон юм. ДНБ-ий жилийн дундаж өсөлт ойролцоогоор 3% болно. Улс оронд хүнд машин механизмийн бүхэл бүтэн салбар үүсч байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн ололт, амжилттай зэрэгцээд тодорхой салбар дагнасан хямрал гарах болсон. Өнөөгийн засгийн газар улс орны нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ажилгүйдлыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулахыг эрмэлзэж байна.
Инфляцийн жилийн дундаж өсөлт харьцангуй бага тул засгийн газрын зүгээс эдийн засгийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэж болох талтай. Бразилийн хөрөнгө оруулалт бүс нутгийн бусад орнуудын эдийн засгийн салбарт хүч түрж байгаа нь тус улсын Латин Америкийн бүс нутагт үзүүлэх жин нөлөө тасралтгүй өсөхөд нөлөөлжээ.
Ашигт малтмалын арвин нөөц бүхий тэргүүлэх арван орны нэгт Бразил багтдаг нь тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлсэн байна. Нийт 80 гаруй төрлийн ашигт малтмал олзворлож байгаагаас чулуун нүүрсний нөөцөөр дэлхийд хоёрдугаарт, алтны нөөцөөр гуравт бичигдэж байна. Бразил өөрийн нефтийн хэрэгцээний 90%-ийг дангаараа хангадаг улс юм. Өнгөт металл, машин тоног төхөөрөмж, электротехник, электроник, автомашин, нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарууд эрчимтэй хөгжих болсон.
Бразилийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний ихэнх хэсэг нь экспортод чиглэсэн байдаг онцлогтой. Болд, ган, автомашин, компьютер, нисэх онгоц, сүүлийн үеийн цэргийн зэвсэг техник гэх мэтийг экспортод гаргаж байгаа нь Бразилийн валютын нөөцийг ихээхэн зузаатгаж өгдөг байна. Үүний зэрэгцээ, элсэн чихэр, кофе, үр, апельсин, банан, мах сүүн бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн гол нэрийн барааг мөн экспортод гаргадаг.  Бразилийн үндсэн экспорлогч нь Европын Холбооны улсууд, АНУ, Герман, Азийн орнууд юм. Бразил улс жил тутам гаднаас ирэх жуулчдаас 4 тэрбум гаруй долларын ашиг олдог. Үүнээс гадна, МЕРКОСУР, Өмнөд Америкийн Банк мэтийн бүс нутгийн эдийн засгийн бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
1787 оны АНУ-ын үндсэн хууль болон бусад орны хууль тогтоомжоос санаа авч эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэржилтийн зохистой харьцааг хангасан Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (ХБНБУ)-ын үндсэн хуулийг 1988 онд баталсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Холбооны хууль тогтоох эрх мэдэл нь бүх нийтийн, эрх тэгш, нууц санал хураалтын зарчмаар сонгогдох хоёр танхимт Улсын Конгресст хадгалагдана. Доод Танхим – Төлөөлөгчдийн Танхимийг дөрвөн жилийн хугацаатайгаар хувь тэнцүүлсэн төлөөллийн тогтолцоогоор сонгодог. Төлөөлөгчийг холбооны муж улс, орон нутаг, холбооны тойрог бүрээс сонгоно. Төлөөлөгчдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос ихээхэн хамааралтай. Нутаг бүрээс хоёр төлөөлөгч сонгодог.
Холбооны Сенатад найман жилийн хугацаатайгаар харьцангуй олонхийн мажоритари тогтолцоогоор сонгогдсон холбооны тойрог, муж улсын төлөөлөгчдийг оруулдаг.  Муж бүр, холбооны тойрог бүр гурван сенат оруулах эрхтэй.
Холбооны улсын гүйцэтгэх эрх мэдлийг холбооны улсын ерөнхийлөгч, сайд нар хэрэгжүүлнэ. Засаглалын хэлбэрийн хувьд Бразил гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн – улсын тэргүүн – ерөнхийлөгчийн өргөн эрх мэдэл бүхий ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болно. Бүрэн эрх, эрх мэдлийн хувьд Бразилийн ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчөөс илүү тул Латин Америкийн сонгодог ерөнхийлөгчийн засаглалтай улс хэмээн тооцогддог. Бразилийн ерөнхийлөгч хууль санаачлах, холбооны субьектын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, онц байдал зарлах тэргүүтэн өргөн эрх эдэлдэг байна. Ерөнхийдөө төрийн байгууллын тогтолцоон дотроо ерөнхийлөгч хамгийн өргөн эрх мэдэлтэйд тооцогддог.
Бразилийн шүүх эрх мэдэл холбооны улсын болон муж улсын гэсэн хоёр түвшинд хуваагддаг. Улсын шүүх эрх мэдлийн дээд байгууллага нь холбооны улсын дээд шүүх бөгөөд холбооны улс, муж улсын салбар хууль, тогтоомжууд үндсэн хуультай нийцэж байгаа талаар эцсийн тайлбар хийж, холбооны улсын болон муж улсын засгийн газар хоорондын маргааныг хянан шийдвэрлэх, орон нутгийн удирдлагын шийдвэрийг үндсэн хуулийн талаас хянан байцаах зэрэг эрх эдэлдэг.
Газар нутгийн хувьд 26 муж улс, 4000 орон нутгийн удирдлагаас бүрдэнэ. Бразилийн Холбооны Улс засаг захиргаа – нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдана. Холбооны улс, муж улс, орон нутаг гэх гурван түвшинт удирдлагын тогтолцоотой.
Муж улсын эрх мэдлийг 1988 оны үндсэн хуулиар нарийвчлан тогтоож өгсөн. Тус үндсэн хуулиар холбооны улс болон муж улсын эрх мэдлийн хязгаарийг тодорхой болгосон. 1988 оны үндсэн хуулиар холбооны улсын үндсэн хуульд нийцүүлж өөрийн гэсэн үндсэн хуультай байх эрхийг муж улсын удирдлагад олгосон. Муж улс харьцангуй өргөн эрх эдлэх ч сецесси буюу нэг талын хүсэлтээр холбооны улсын бүрэлдэхүүнээс гарах эрхгүй билээ. Өөрийн үндсэн хуультай байхаас гадна муж улс бүр өөрийн гэсэн шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн төлөөлөлтэй байна. Энэ талаас нь авч үзвэл Бразилийн холбоо хойд Америкийн холбоотой нэлээд төстэй.
Бразилийн холбооны улсын байгууллыг хадгалах гол баталгаа нь холбооны субьектын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үндсэн хуулийн зарчим буюу холбооны интервенцийн эрх юм.
Холбооны интервенцийн эрхийг хэрэгжүүлэх нөхцөл, шаардлагын талаар Бразилийн үндсэн хуулийн IV бүлэгт тусгайлан тусгасан байдаг. Дараах үндэслэлээр холбооны интервенцийн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
·         Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд:
·         Гадны халдлага бодитой болсон, эсвэл холбооны улсын субьектуудын хооронд дайн бүхий байдал үүссэн тохиолдолд:
·         Тодорхой муж улсын нийгмийн байгуулал эвдэгдсэн тохиолдолд:
·         Муж улсын эрх мэдлийн зохистой үйл ажиллагааг хангах шаардлага гарсан тохиолдолд:
·         Муж улс, орон нутаг өөрийн эх үүсвэрээр оршин тогтнох аргагүй болж төсөв, санхүүгийн байдалд шинэтгэл хийх шаардлага үүссэн үед:
·         Холбоон хууль тогтоомж, шүүхийн зарлиг, шийдвэрийг албадан хэрэгжүүлэх шаардлага гарсан тохиолдолд зэрэг болно.
Үүнээс гадна, Бразилийн үндсэн хуульд бүгд найрамдах ёс, төлөөллийн тогтолцоо, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, муж улсын өөртөө эзэрхэх эрхийг хангах үүднээс муж улсын засгийн хэрэгт хөндлөнгөөс оролцож болно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн эдгээр зарчмууд нь Бразилийн холбооны улс тогтвортой оршин байхын баталгаа болж байна.
Өнөөдөр Бразил бүс нутгийн бусад орнуудад үлгэр жишээ болохуйц ардчилсан улсын тоонд зүй ёсоор багтаж байна.
I бүлэг. Бразилийн сонгуулийн эрхийн үндсэн хуулийн зарчмууд
Бразил бол олон удаагийн цэргийн дэглэм, найман үндсэн хууль дамжин өнөөг хүрсэн төрт ёс, эрх зүйн тогтолцооны арвин туршлага бүхий орон билээ.
300 гаруй жилийн туршид Бразил Португалийн хамгийн том колони улс байв. Колонийн булаан эзлэлт эхлэхээс өмнө Бразил болон түүний газар нутагт 1 сая орчим уугуул улаан арьст иргэд хүй нэгдлийн зохион байгуулалтын хэлбэрээр оршин амьдарч байсан түүхтэй.
1500 оноос эхлэн Бразилийг колончилсон бөгөөд Европын булаан эзлэгчдэд машид хэрэгтэй улаан үнэт мод ихтэй нутаг байсан тул «пау-бразил» («pau-brasil») хэмээн нэрлэх болжээ.
1888 онд боолчлолыг халах хүртэл Бразилид Африк гаралтай хар арьст боолуудын 100 гаруй томоохон хэмжээний бослого хөдөлгөөн гарч байжээ. 1815 оноос Бразил ван улсын статус хүртэж, Португали, Бразил, Алгарийн Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд багтах болсон. Португалийн амбан захирагч Жуан өөрийгөө IV Жуан хэмээн цоллож, эзэн хаанаар өргөмжилсөн.
1810-1826 онуудад Америкт Испаны колониуд тусгаар тогтнолын төлөөх дайн эхлүүлсний нөлөөгөөр Бразилид ч эрх чөлөөний тэмцэл идэвхжсэн байна. 1822 онд Бразил I Педро эзэн хаантай тусгаар тогтносон эзэнт улс болов. 1824 онд эзэн хаан улсын үндсэн хуулийг баталж, Бразилийг “үндсэн хуульт буюу төлөөллийн хаант улс” хэмээн тунхаглажээ.
Нийгмийн дотоод дахь улс төрийн тэмцэл хурцадсаны нөлөөгөөр Бразилийн эзэнт улсын үндсэн хууль хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. Эдгээрийн нэг нь 1834 оны нэмэлт өөрчлөлт бөгөөд уг өөрчлөлтөөр төлөөлөгчдийн танхимийн эрх мэдлийг өргөтгөхийн зэрэгцээ муж улсуудад хууль тогтоох хуралтай байхыг анх удаа хүлээн зөвшөөрчээ. 1889 онд хаант засгийг устгаж, ХБНБУ-ыг тунхагласан байна.
Шинэ үндсэн хуулийг боловсруулахдаа хойд Америкийн туршлагыг ашиглажээ. Үндсэн хуулийг 1891 онд баталж, АНУ-ын нэгэн адил улсаа Бразилийн Нэгдсэн Улс хэмээн нэрлэсэн байдаг. 21 нас хүрсэн эрэгтэй хүмүүст сонгуулийн эрх олгожээ. Сүм хийдийг төрөөс тусгаарласан байна. Энэ үеийг хүртэл оршин байсан мужуудыг муж улс, нийслэл Рио-де-Жанейро хотыг холбооны улсын тойрог болгожээ. Нийгэм-улс төрийн амьдралыг ардчилж, холбооны улсын анхны ерөнхийлөгчийг сонгосон байна.
Ардчилсан үйл явцтай зэрэгцээд улс орны эдийн засгийн хүчин чадал нэмэгдэх болсон. Энэ үед засгийн эрхэнд байсан улс төрийн хүчин их төлөв Сан-Паулу муж улсын кофены тариалангийн, Минас-Жериас муж улсын мал аж ахуйн эздийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлж байв. Эдийн засгийн үндэс нь Английн хөрөнгө оруулагчдын дэмжлэгт түшиглэж байжээ.
Бразилийн улс төрийн амьдралд бий болсон томоохон өөрчлөлт нь 1930 оны хөрөнгөтний ардчилсан хувьсгал ялалтад хүрч, Ж. Варгасийн тэргүүлсэн Либерал хүчний нам засгийн эрхэнд гарч, 1934 онд шинэ үндсэн хуулиа баталсан явдал байв. Энэ хуулийн өмнөх үндсэн хуулиудаас ялгагдах нэг онцлог нь Бразилийн иргэдийг улсын үйлдвэр, худалдаа, банкны салбарт тэргүүлэх байр суурьтайг тунхаглаж өгсөнд оршино. Үүнээс гадна, ажлын цагийг 8 болгож, ажилчид эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрхийг зөвшөөрөх, ажилчдыг амралтын өдөртөө болгох зэрэг шинэлэг заалтын үндсэн хуульд оруулж өгсөнөөрөө онцлогтой.
Бразилийн түүхэнд анх удаа 1934 оны үндсэн хуулиар эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон байна. Эрх мэдлийн хуваарилалт хийхдээ гүйцэтгэх эрх мэдлийг онцгойлсон нь аажимдаа ерөнхийлөгч Варгасын дарангуйлал бий болгоход хүргэсэн бөгөөд улс төрийн нөхцөл байдлаас  хамааран удирдлагын арга хэлбэрээ өөрчлөх авторитари дэглэм тогтоход нөлөөлсөн байдаг.
Улс оронд Итали, Германы хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдсэнээр Бразилийн улс төрийн тогтолцоонд фашизмын шинж хүчтэй илрэх болжээ. Үүгээр ч зогсохгүй «Бразилийн Нэгдсэн Үйл Ажиллагаа» нэртэй фашист нам байгуулагдсан байна.
Ерөнхийлөгч Ж. Варгас 1937 онд шинэ үндсэн хууль санаачлан батлуулж, улс бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлсэн байна. Парламент буюу Улсын Конгрессийн эрх мэдлийг үлэмж хэмжээгээр хязгаарлаж, шүүх эрх мэдлийг засгийн газрын хяналтад шилжүүлэхийн зэрэгцээ холбооны субьектуудын өөртөө эзэрхэх эрхийг үгүй хийсэн байна. Үүний дараагаар хууль тогтоох байгууллагыг татан буулгаж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг илэрхий дарангуйлсан шинжтэй болгосон.
Бразилийг “шинэ улс” хэмээн тунхаглаж, бүрэн эрхийн хугацаагаа 4 жилээс 6 жил болгосон бөгөөд өөрийгөө “шударга улсыг үндэслэгч” гэж өргөмжилсөн байдаг.
Ж. Варгасын дэглэм 1945 он хүртэл оршин тогтносон. Варгасын засаглал цэргийн эргэлтийн дүнд устсан байна. 1946 оны үндсэн хуулиар өмнөх үндсэн хуулийн зарим санааг хэвээр хадгалсан ч иргэний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, улс төрийн намын үйл ажиллагааг дэмжихийн сац эрх мэдлийн хуваарилалтыг дахин хийж, холбооны субьектуудын өөртөө эзэрхэх эрхийг сэргээсэн байна. Үүнээс гадна, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг баталгаажуулжээ.
Гэвч 1946 оны үндсэн хуулиар тунхагласан энэ бүх өөрчлөлтийг 1967 оны үндсэн хуулиар үгүй хийсэн юм. Холбооны төв засгийн газрын эрх мэдлийг өргөтгөхийн зэрэгцээ холбооны субьектуудын өөртөө эзэрхэх эрхийг цуцалсан байна. 1946 оны үндсэн хуулиар ерөнхийлөгчийг бүх ард түмний эрх чөлөөт сонгуулиар сонгодог байсныг болиулж, Улсын Конгресс болон муж улсуудын хууль тогтоох хурлын төлөөлөгчдийг багтаасан тусгай комиссоор сонгож байхаар тогтжээ.
Цэргийн дэглэм ноёрхож байх үед буюу 1969 онд үндсэн хуульд томоохон нэмэлт өөрчлөлт хийж, өмнөхөөсөө ч дор ардчилсан бус шинжтэй болгожээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөж, хууль тогтоох байгууллага Улсын Конгрессийн эрх мэдлийг үлэмж хэмжээгээр багасгасан байна.
Энэ үеийн цэргийн дэглэмийн нэг онцлог нь хэдийгээр үндсэн хуулийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан ч цэрэг, армийн зүгээс иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хатуу хянадаг байсанд оршино.
1964 оны төрийн эргэлтээр улс төрийн намуудын үйл ажиллагааг бүрэн хориглож, нэг жилийн дараа цэргийн засгийн газар хуурмаг хоёр намын тогтолцоо бий болгосон байдаг. «Үндэсний Шинэтгэлийн Холбоо» (АРЕНА) нам эрх баригч намын төлөөлөл байсан бол «Бразилийн Ардчилсан Хөдөлгөөн» (МБД) нам сөрөг хүчнийг төлөөлж байв.
Энэхүү хуурмаг хоёр намын тогтолцооны гол зорилго нь Бразилийн цэргийн дэглэмийг гадаад ертөнцөд ардчилсан шинжтэй болгон харуулахад оршиж байв. Гэвч цэргийнхэн аажимдаа улс орны улс төрийн тогтолцоог бүхэлд нь либералчлах шаардлагатайг ойлгосон.
Бразилийн үндсэн хуульт хөгжлийн нэгэн шинэ үе 1987 онд эхэлсэн юм. Улсын шинэ үндсэн хуулийг боловсруулж батлах үүрэгтэй хууль тогтоох хурлыг сонгож хуралдуулсан байна. Боловсруулсан үндсэн хуулийн төслөө бүх ард түмний санал хураалтаар хэлэлцсэн бөгөөд хэдэн мянган удаа хянан сайжруулсан байдаг.
Эцэслэн боловсруулагдсан хуулийн төслийг хууль тогтоох хуралд өргөн барьснаар 1988 оны аравдугаар сарын 5 нд  ХБНБУ-ын шинэ үндсэн хууль батлагджээ.
Бразил улс ардчилалд шилжиж, шинэ үндсэн хуулиа баталсан үйл явдал шилжилтийн гэрээний загварыг амжилттай хэрэгжүүлсэнд оршино. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ардчилалд шилжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан 1986 оны Улсын Конгресс чухал ач холбогдолтой байсныг онцлох хэрэгтэй.
Үндсэн хуулийн олон зүйл, заалт улс төрийн хүчнүүдийн олон удаагийн яриа, хэлэлцээрийн үр дүнд төрхөө олсон юм. Үндсэн хуулийн эцэслэн боловсруулсан төсөлд 245 заалт орсны 70 заалт яриа хэлэлцээрийн үр дүнд төрхөө олжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад 330 удаа хуралдаж, 14 мянган удаа илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, 70 мянган удаа өөрчлөн найруулсан байх юм.
Бразилийн шинэ үндсэн хууль улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын өргөн хүрээтэй асуудлыг хамарсан байдаг.
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах явцад хэд хэдэн зарчмын асуудлаар улс төрийн хүчнүүд санал зөрөөтэй байсныг онцлох хэрэгтэй. Юуны түрүүнд, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал багтана. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байх ёстой вэ? Өмнөх үндсэн хуульд 6 жил гэж заасан байдаг бол улсын тэргүүн 5 жил болгохын төлөө, бусад хүчнүүд 4 жилээр хязгаарлахын төлөө байв. Үүнээс гадна, зүүний хүчнүүд хүчтэй засгийн газар, сул ерөнхийлөгч бүхий парламентын засаглалын төлөө, харин армийнханыг оролцуулан барууны хүчнүүд хүчтэй ерөнийлөгчийн засаглалын төлөө байв. Хэлэлцүүлэгийн явцад улс төрийн хүчнүүд ерөнхийлөгчийн засаглалын үзэл баримтлалыг хүлээн авсан юм. Хэдийгээр улсын ерөнхийлөгч зарлиг туурвих тэргүүтэн өргөн эрх эдлэх болсон ч 1967 оны үндсэн хуулиа бодвол харьцангуй сул болсон байна.
Арми үндсэн хуулийн баталгаа болж байсан цэргийн дэглэмийг халсан байдаг. Олон янзын улс төрийн хүчнүүдийн яриа хэлцлийн үр дүнд төрхөө олсон шинэ үндсэн хууль Бразилийн төрт ёсны түүхэн дэх хамгийн ардчилсан, дэвшилттэй хууль болсон юм. Энэ үндсэн хууль өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
1988 оны үндсэн хууль, түүний онцлог шинжүүд
1988 оны Бразилийн үндсэн хууль нь бүлгүүдэд хуваагдсан найман хэсэг, шилжилтийн заалт (94 зүйл) зэргээс бүрдэл болно. Үндсэн хэсэг нь нийт 250 зүйлтэй.
Бразил нь муж улс, орон нутаг, холбооны тойргийн үндсэн дээр зохион байгуулагдах ардчилсан, эрх зүйт улс мөн гэж үндсэн хуульд заасан байна. Засгийн бүх эрх мэдэл ард түмнээс эхтэй бөгөөд ард түмэн энэхүү эрхээ шууд юм уу сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлнэ.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь харилцан тэнцвэртэй байхын зэрэгцээ бие даасан байна. Бразил улс бүрэн эрхт байдал, иргэний нэр төр, хөдөлмөрийн нийгмийн үнэлэмж, эрх чөлөөт өмчлөлийг дээдлэн хүндлэнэ.
Улс оронд ардчилсан төрийн байгууллыг цогцлоон хөгжүүлж, улс төрийн олон тулгуурт үзэл санааг баримтална. Үндсэн хуульд төрийн үндсэн зорилгыг дараах байдлаар томьёолсон байна. Үүнд:  Эрх чөлөөт, шударга, эв санааны нийгмийг цогцлоон хөгжүүлэх: Үндэсний хөгжлийг хангах: Ядуурал, ялгаварлан гадуурхалт, нийгмийн болон бүс нутгийн тэгш бус байдлыг арилгах: Арьс, хүйс, үндэс угсаа, насаар үл ялгаварласан бүх нийтийн сайн сайхан байдлыг бий болгох зэрэг болно.
Үндсэн хуулийн 4-р зүйлд Бразил улс олон улсын харилцаанд ямар зарчим баримтлахыг тусгайлан зааж өгсөн байна. Олон улсын харилцаанд Бразил улс үндэсний тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ард түмнүүдийн өөртөө тогтнох байдал, бусад улсын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, улс хоорондын эрх тэгш харилцаа, энх тайвныг эрхэмлэн хамгаалах, зөрчил, мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах, аймаглан устгах явдал, арьсны үзэл санаанаас татгалзах, хүн төрөлхтөний нийтлэг эрх ашигт тулгуурлан улс орнуудтай хамтран ажиллах, улс төрийн орогнол олгох зэрэг зарчмыг баримтална.
Латин Америк дахь Бразилийн гадаад бодлогын гол зорилго нь бүс нутгийн үндэстний нэгдмэл байдлыг хангах үүднээс бусад улс орнуудтай улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд нягт хамтран ажилахад оршино хэмээн үндсэн хуульдаа заасан байна.
Бразилийн үндсэн хуульд хүний иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан тусгай заалтууд оруулж өгсөн. Энэ нь төрийн байгуулал, үндсийн талаар зүйчилсан заалтаас ч илүү ач холбогдолтойг судлаачид онцолсон байдаг.
Юуны түрүүнд, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш гэдгийг тунхагласан. Ингэхдээ Бразил иргэд, тус улсад амьдарч буй гадаадын иргэн, харьяалалгүй хүн нэгэн адил өмч хөрөнгө эзэмших, эрх тэгш байх, амьд явах, аюулгүй орчинд амьдрах баталгаагаар бүрэн хангагдах ёстойг тусгасан байна. Бусадтай хүнлэг бус харилцах, хүний нэр төрд халдах ёсгүй бөгөөд хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.
Үндсэн хуульд зааснаар хүн бүр шашин шүтэх, эс шүтэх эрхээр хангагдах бөгөөд ямар ч тохиолдолд энэ эрхийг үгүйсгэж үл болно. Үүний зэрэгцээ, хуулийн хүрээнд эвлэлдэн нэгдэх эрх байх ч засаг төрийн эрхийг бусниулах, булаан авах зорилгоор эвлэлдэн нэгдэхийг хориглоно.
Засаг төрийн дур зоргоор авирлах явдлаас хүний нэр төр, эд хөрөнгө, амь насыг хамгаалах баталгааг үндсэн хуульдаа тусгаж өгсөн байна. Үүний дараагаар уучлал, өршөөл үзүүлж үл болох гэмт үйлийг үндсэн хуульдаа зааж өгсөн. Ийм гэмт үйлд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэх, аймаглан устгах, хорлон сүйтгэх үйл ажиллагааг оруулжээ. Үүнээс гадна, одоогийн үндсэн хуульт байгууллын эсрэг чиглэсэн цэргийн юм уу хүчирхийлэлд уриалан дуудсан ямарваа үйлдэлд хатуу цээрлэл үзүүлэх ёстойг заасан байна.
Цэргийн дэглэм тогтоохоос бусад үед гэмт үйл хийснийх нь төлөө иргэн хүнд цаазаар авах, бүх насаар нь шоронд хорих, албадан хөдөлмөр хийлгэх, улс орноосоо хөөн явуулах зэрэг хүнд шийтгэл тулгаж үл болно.
Улс төрийн гэмт үйл буюу итгэл үнэмшилтэй холбогдох гэмт үйл хийсэн өөрийн улсад амьдарч буй гадаадын иргэнийг өөр бусад оронд шилжүүлэн өгөхийг хориглоно. Хавчлага, мөрдлөгөд өртөж буй хүнд төр эрх чөлөөний баталгаа олгоно. Эд материалын хувьд гачигдалтай нь тогтоогдсон хүнд төр хууль эрх зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Шүүхийн буруутай үйл ажиллагааны үр дүнд хохирсон этгээдэд төр нөхвөр олгоно.
Хүний үндсэн эрх, эрх чөлөөнөөс гадна Бразилийн төр иргэддээ нийгмийн эрх эдлүүлэх үүрэгтэй. Хүнийг ажилд авахдаа арьс өнгө, нас хүйс, бие эрхтэнээр ялгаварлан гадуурхаж үл болно.
Бразилийн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц өндөр босготой тул зарим судлаачдын зүгээс хатуу, чанга хууль хэмээн онцолсон байдаг. Тухайлбал, төлөөлөгчдийн танхимийн юм уу холбооны сенатын нийт гишүүдийн 1\3-ээс илүү нь дэмжсэн тохиолдолд: бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн шаардлагаар: холбооны субьектуудын хууль тогтоох хурлын талаас илүү хувь нь хүссэн тохиолдолд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болдог байна. Онц байдал юм уу дайн бүхий байдал зарласан, холбооны субьектийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй үед үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Улсын Конгрессийн хоёр танхимаар нэгэн зэрэг хэлэлцүүлэх бөгөөд сенат болон төлөөлөгчдийн танхимийн нийт гишүүдийн 3\5 нь дэмжсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Үндсэн хуульд холбооны төрийн байгууллыг бусниулах, эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг өөрчлөх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.
Сонгуулийн эрхийн үндсэн зарчмууд
Сонгуулийн эрхийн үндсэн зарчмууд үндсэн хуулийн иргэн хүний эрх, эрх чөлөөний тухай бүлэгт тусгагдсан байдаг. Сонгуулийн тогтолцооны талаар үндсэн хуульд тусгайлсан заалт байдаггүй.
Үндсэн хуульд бүх нийтийн сонгууль нь ард түмэн засаг төрийн эрх мэдлийг шууд болон сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлж буй хэлбэр мөн гэж заасан. Иргэн хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдэж, сонгуульд санал өгөх үүрэгтэй. 18 нас хүрсэн хүн бүр сонгуульд оролцож санал өгөх эрхтэй. Бичиг үсэг үл мэдэх тэрчлэн 16-18 насны мөн 70-аас дээш насны хүн сонгуульд заавал оролцох албагүй. Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, цэргийн үүрэг гүйцэтгэж буй иргэн хүн сонгуульд оролцох эрхгүй.
Бүх нийтийн байх зарчим улсын албан тушаалтныг сонгох үйл ажиллагаанд эвдэгдэж болно. Улсын албан тушаалтныг сонгох сонгуульд зөвхөн Бразил улсын иргэн хүн оролцох эрхтэй. Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, төлөөлөгчдийн танхимийн дарга, холбооны сенатын дарга, холбооны дээд шүүхийн шүүгч, дипломат албан тушаалтан, зэвсэгт хүчний офицер, батлан хамгаалах яамны сайд зэрэг албан тушаалд зөвхөн бразил хүн сонгогдоно.
Нэр дэвшигчдэд тавигдах бусад шаардлагын тухайд харьцангуй ардчилсан зарчимтай гэдгийг онцлох байна. Сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн хувьд насны хязгаарлалтыг үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сенатад нэр дэвшихэд  35 нас, муж улс, холбооны тойргийн амбан захирагч, амбан захирагчийн орлогчид нэр дэвшихэд 30 нас, холбооны улс, муж улс, холбооны тойргийн төлөөлөгч, шүүгчид нэр дэвшихэд 21 нас, орон нутгийн зөвлөхийн албан тушаалд нэр дэвшихэд 18 нас хүрсэн байх шаардлагатай.
Бичиг үсэг үл мэдэх тэрчлэн сонгогчдийн нэрсийн жагсаалтад бичигдээгүй хүн сонгуульд нэр дэвших эрхгүй.
Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, муж улс, холбооны тойргийн амбан захирагч, хотын дарга нар зөвхөн нэг удаа улиран сонгогдох эрхтэй. Өөр албан тушаалд нэр дэвших гэж байгаа бол бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, муж улс, холбооны тойргийн амбан захирагч нар тухайн албан тушаалтныг сонгох сонгууль болохоос зургаан сарын өмнө эрхэлж буй албан тушаалаа хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Сонгуулийн тойргийн хороонд бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, муж улс, холбооны тойргийн амбан захирагч нарын эцэг эх, эхнэр, нөхөрийг оруулж үл болно. Харин дээрх албан тушаалтнууд ажил үүргээ хүлээлгэн өгсөнөөс хойш зургаан сарын дараа эцэг, эх, эхнэр нөхөрийг сонгуулийн тойргийн хороонд оруулж болно.
Бразил улс 1934 оноос эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон бөгөөд сонгогчдийн доторх эмэгтэйчүүдийн эзлэх хувь тасралтгүй өссөөр байна. 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж, эрх баригч хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Дилма Вана Руссефф сонгогчдийн 55%-ийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Сүүлийн жилүүдэд Бразил сонгогчдын санал тоолох машиныг өргөн дэлгэр хэрэглэх болсон. Сонгуульд санал өгөх явцад хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар оролцохыг тус улсад хатуу хориглодог. Нэг хүн сонгуульд хоёр удаа санал өгөхийг хуулиар хориглосон. Бразилийн түүхэнд сонгогчдийн санал өгөх үйл явцад нөлөөлөх замаар улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх тохиолдол байсан учир үндсэн хуульд энэ чиглэлийн үйл ажиллагаанаас сэргийлэх хатуу заалт тусгаж өгсөн байдаг. Сонгогчдийн нэрсийн жагсаалтыг бүрэн гаргах хүндрэлтэй байдаг бөгөөд үүнээс улбаалсан хэрэг маргаан ямагт үүсч байдаг. Гэхдээ аль болох сонгогчдийн нэрсийн жагсаалтыг бүрэн гаргахыг бүх түвшинд хичээн ажилладаг.
Төрийн эрх барих дээд байгууллага, тэдгээрийг бүрдүүлэх журам
1988 оны Бразилийн үндсэн хуулинд “төрийн байгууллагын тухай” гэх тусгай бүлэг оруулж өгсөн бөгөөд энэ хүрээнд төрийн байгууллагуудын эрх, үүрэг, бүрдүүлэх механизмийг зохицуулж өгсөн.
Бразил улсад хууль тогтоох эрх мэдэл Улсын Конгресст хадгалагдана. Холбооны улс болохын хувьд Бразилийн Улсын Конгресс Төлөөлөгчдийн Танхим болон Холбооны Сенат (Нийт 81 суудалтай) гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Төлөөлөгчдийн Танхимийг нийт 513 суудалтай бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Холбооны тойрог, холбооны нутаг, муж улс бүрийн төлөөлөгчдийг хувь тэнцүүлсэн тогтолцоон дээр тулгуурлан төлөөлөгчдийн танхимд сонгодог. Муж улс, холбооны тойрог, нутгийн төлөөлөгчдийн танхимд эзлэх хувь хүн амын тооноос ихээхэн хамаарна. Холбооны субьект 8 –аас бага, 70-аас их төлөөлөгчидтэй байхыг хуулиар хориглоно. Харин холбооны нутаг бүрээс хоёр төлөөлөгч байх ёстой.
Сүүлийн паламентын сонгууль 2014 оны аравдугаар сарын 5 нд болсон. Төлөөлөгчдийн танхимийн бүрэлдэхүүнд 18 намын төлөөлөл байна.
Хүснэгт №1. 2014 оны Төлөөлөгчдийн Танхим дахь намуудын суудал авсан байдал
Намуудын нэр
Суудлын тоо
1
Хөдөлмөрчдийн Нам
70
2
Бразилийн Ардчилсан Хөдөлгөөн Нам
66
3
Социал-Демократ Нам
37
4
Дэвшилтэт Нам
36
5
Бразилийн Социалист Нам
34
6
Бүгд Найрамдах Нам
34
7
Бразилийн Ажилчны Нам
25
8
Ардчилагдчид
22
9
Бразилийн Бүгд Найрамдах Нам
21
10
Ажилчны Ардчилсан Нам
19
11
Эв Санааны Нам
15
12
Социал Христийн Нам
12
13
Нийгэм Журмын Бүгд Найрамдах Нам
11
14
Бразилийн Коммунист Нам
10
15
Бразилийн Социалист Ардын Нам
10
16
Бразилийн Ногоон Нам
8
17
Бразилийн Социализм, Эрх Чөлөөний Нам
5
18
Бразилийн Социал-Демократ Нам
54

МОНГОЛЧИЛСОН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР