Thursday, February 9, 2017

ХҮЧТЭЙ УДИРДАГЧ ХҮРЭЭЛСЭН НАМУУД БИЙ БОЛОХООС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ

АМЕРИКИЙН УЛС ТӨР СУДЛААЧ КЭННЭТ ЖАНДАГИЙН ЯРИЛЦЛАГА
КЭННЭТ ЖАНДА болбоос АНУ-ын Баруун Хойдын Их Сургуулийн тэргүүлэх профессор болно. 1995 оноос олон улсын томоохон «Намын Бодлого» (Party Politics) сэтгүүлийн ерөнхий шүүдэглэгчээр ажиллаж байна. Жанда «Улс төрийн намууд: Үндэсний тойм» (1980 он), «Намууд ба хүрээлэн буй орчин: Шинэчлэлийн буухиа хаана зогсох вэ?» (1982 он) нэрт бүтээлүүд нийтлүүлсэн.
Оросын сэтгүүл (ОС): Эрхэмсэг ноён Жанда, Холландын эрдэмтэн Андрэ Крувэл «бүхнийг хамруулагч нам болбоос илүү олон тооны сонгогчдыг өөртөө татахын тулд үзэл сурталжсан байр сууриа өөрчлөхийн зэрэгцээ зохион байгуулалтын хувьд мэргэшсэн шинжийг олсон өмнөх үеийн олон түмний намаас өөр юу ч биш юм» гэж тодорхойлжээ. Хэрэв Ардчилсан Нам энэ тодорхойлолттой бүрэн нийцэж байна гэж үзвэл та хүлээн зөвшөөрөх үү?
Кэннэт Жанда (КЖ): Үгүй шүү, АНУ-ын Адчилсан Нам хэзээ ч олон түмний нам байгаагүй. Харин нийгмийн тодорхой нэг бүлгээс үүдэлтэй сонирхлын бүлгийн нам бол байсан. Үүний зэрэгцээ Америкийн улс төрийн хоёр хүчнийг бүхэлд нь, «бүхнийг хамруулагч нам» гэж үзэх үндэслэл байна. Учир нь, нэгдүгээрт, эдгээр намын үндсэн зорилго нь сонгуульд ялалт байгуулахад оршиж байна. Хоёрдугаарт, тодорхой үзэл суртлыг хатуу баримталдаггүй, харин сонгуульд зориулж байр сууриа өөрчилдөг намууд юм. Харин Владимир Путин юм уу эсвэл, Сильвио Бэрлусконигийн тэргүүлдэг намуудын тухайд нэг хүний эрх ашигт үйлчилдэг нам гэж үзэж болох талтай. Ардчилсан Намын хувьд хэзээ ч ингэж тодорхойлж болохгүй. Энэ утгаар нь авч үзвэл, Барак Обамагийн Ардчилсан Нам гэх юм уу эсвэл, Жорж Бушийн Бүгд Найрамдах Нам гэж ярих нь утгагүй хэрэг юм. 
(ОС): Иймэрхүү намуудыг илүү амьдрах чадвартай ч гэх юм уу эсвэл «хүчирхэг лидер» түшиглэсэн нам гэдэг утгаар үзэх боломжтой уу? Магадгүй, Путин юм уу Бэрлусконигоос илүү наслаж болох талтай шүү дээ. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ? 
(КЖ): АНУ бол бүх улс төрийн хүчнүүд нь «бүхнийг хамруулагч» намын хэлбэртэй зуу гаруй жил явж ирсэн улс орны сонгодог жишээ юм. Тэнд улс төрийн хүчнүүд өөрсдийн лидерээсээ ямагт урт, удаан оршин тогтнодог. Тодорхой лидер байгууллага үүсгэж болно. Гэхдээ намын зохион байгуулалт өөрөө төлөвшиж чадвал удирдагчаасаа илүү наслах, оршин тогтнох хандлагатай байдгийг санах хэрэгтэй.
1950-аад оны үед Гана улсад Ард Түмний Нам байгуулагдаж, тэргүүнээр нь Квамэ Нкрума ажиллаж байсан цаг саяхан. Энэ нам коммунист хэлбэрийн хатуу зохион байгуулалт бүхий олон түмний нам байсан. Намын хэвлэл нь хүртэл сонгодог зөвлөлт хэлбэрийн «Оч» нэртэй байлаа. Гадаад, дотоодод хүртэл Африкийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий нам гэж тооцогддог байсан. Харамсалтай нь, Нкрумаг засгийн эрхнээс буусны дараа бүрэн алга болсон. 
(ОС): Ийм намуудыг шинэчилж болохгүй гэж үү?
(КЖ): Олон түмний мэдээллийн хэрэгсэл, телевиз, радио зэрэг нь бүхнийг хамруулагч намд эрх мэдлийг төвлөрүүлэх хандлага үүсгэдэг муу талтай гэж судлаачид үздэг. Ялангуяа эдгээр арга, хэрэгслийг ашиглан сонгуулийн кампанит ажилд оролцох нь асар их хэмжээний хөрөнгө шаардах бөгөөд өөрийн эрхгүй, намын дотоодод эрх мэдлийг төвлөрүүлдэг зүй тогтолтой. Гэтэл сошиал ертөнц өргөжин хөгжснөөр намуудын дотоодод эрх мэдэл төвлөрөх үзэгдэл саармагжиж байгааг бид харж байна шүү дээ. 
(ОС): Хууль тогтоох түвшиндөө ч юм уу эсвэл өөр бусад хэлбэрээр бүхнийг хамруулагч нам бий болох үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэсэн санаа улс төрийн үйл явцын жам ёсны хандлага гэдэгтэй та санал нийлэх үү?
(КЖ): Хиркхаймэр бүхнийг хамруулагч намыг шинэчлэл, өөрчлөлтийн эерэг үр дүн гэж харж байсан юм шиг. Би хувьдаа үүнтэй санал бүрэн нийлдэг. Бид сонгогчдын санал авахыг эрмэлзэж буй «намтай» бус, харин хүчтэй лидер хүрээлсэн намуудтай, бие хүнжсэн намуудтай тэмцэх хэрэгтэй. АНУ-ын Бүгд Найрамдах болон Ардчилсан Нам мөн чанарын хувьд «бүхнийг хамруулагч» намын шинжтэй. Гэхдээ тэдний хооронд зарим нэг ялгаа байна. Тухайлбал, үзэл суртлын ялгааг энд нэрлэж болно.
Нийгмийн тэгш байдлыг хангахад хувь хүний эрх, эрх чөлөө, төрийн чиг үүрэг чиглэгдэх ёстой гэхлээр Бүгд Найрамдахчууд засгийн газрынхаа эсрэг байр суурь баримталдаг. Гэтэл нийгмийн дэг журмыг хангахад төрийн чиг үүрэг, хувь хүний эрх, эрх чөлөө бүрэн чиглэгдэх ёстой гэхлээр засгийн газраа дэмжсэн байр суурь баримталж байх жишээтэй. Харин Ардчилсан Намын хувьд дээрх хоёр асуудлаар зарчмын эрс өөр байр суурь баримталдаг шүү дээ. Үзэл суртлын ялгамж гэж үүнийг л хэлээд байгаа юм.
Сурвалжлага хийсэн Юлия Нетесова

Эх сурвалж: Кеннет Джанда. Надо бороться с личностными партиями \\ http://www.intelros.ru/pdf/Rus_journal_10_08/9.pdf
МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)

No comments:

Post a Comment